Т.Доржханд нэр дэвшигч Д.Энхбатад юун ташуур бэлэглэчихэв

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа өчигдөр албан ёсоор нээлээ. У.Хүрэлсүх намын байр болох Тусгаар тогтнолын ордонд, С.Эрдэнэ СЕХ-ны гадаа Ялалтын талбайд уламжлалт маягаар эхлүүлэв.

Харин Д.Энхбат Дарь-Эхэд нээсэн нь өвөрмөц байлаа. Түүний нээлтээс онцлох бас нэг зүйл нь ХҮН-ийн дарга Т.Доржханд нэр дэвшигч Д.Энхбатад ташуур бэлэглэв. Хэт хуучинсаг ч юм шиг, хүчтэй хурдан давхихыг ч бэлгэдсэн мэт “сонин” бэлэг байв.

Тэгвэл уг ташуур нь ямар утгатай учиртай байв

Дээр нь Соёмбо урласан метр гаруй урттай тэнзэн ташуур аж. Ташуурын хамт мөрийн хөтөлбөр, иргэдийн захиас зэргийг багтаасан флаш бэлэглэжээ.

Ташуурын талаар Т.Доржханд “Монголчуудынхаа хүсэл сэтгэл, захиалгыг шингээсэн, олон мэргэжилтний бодлого хөтөлбөрийг шингээсэн чухал ач холбогдолтой, монголчуудыг дэлхийн сайн 200 үндэстний нэг болгох, монголчуудыг дэлхийн 7.5 тэрбум хүний зах зээл дээр гаргаж чадах бодлогын хөтөлбөрүүдийг энэ тэнзэн ташуур дотор хийсэн байгаа.

Нийт Монголчуудынхаа захиалгыг энэ удаа Дангаасүрэнгийн Энхбат гэж эгэл жирийн, инженер, эрдэм мэдлэгтэй хүнд энэ ташуурын хамт хүлээлгэн өгье” хэмээгээд ташуурыг гардууллаа.

Нэр дэвшигч Дангаасүрэнгийн Энхбат “Ташуур бэлэглэж буйг би “Нэг, хоёрын гурваа ЧҮҮ” гээд Монгол Улс урагшаа давхихын бэлгэ тэмдэг гэж ойлгож байна. Мөн энэ ташуурыг болдоггүй, бүтдэггүй нөхдийг ташуурдах ташуур гэж бодож байна. Их баярлалаа. Монгол чадна” хэмээлээ.

 

 

© 2019. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC.