Ухамсарын “шанаа”-г чангатгая
2010 оны 3 сарын 10
Нар ээсэн сайхан өглөө ээж аавдаа үнсүүлээд хичээлдээ явсан охин хэдхэн хормын дараа тэнгэрт одож, бяцхан  зүрх нь цохилохоо больсон гэх мэдээ ар гэрийнхэнд нь ирэх нь тэр. Энэрэлт ээж, аавынх нь сэтгэлд бяцхан охинынх нь хөөрхөн инээмсэглэл, аз жаргалтай дурсамж дурайн үлдэв. Хүүхдүүд, тэр дундаа бага насныхан хэн нэгэн хайхрамжгүй жолоочийн алдаанаас болж, мөнхийн суугаа, тахир дутуу болж үлдэх нь сүүлийн үед ихэсчээ. Тэр битгий хэл амь насаа алдах явдал жил ирэх бүр нэмэгдсээр байгаа тухай сэтгэл эмзэглүүлэм мэдээ чих дэлсэх боллоо. Мэргэжлийн байгууллагаас гаргасан судалгаанаас иш татахад, нэг хоногт тогтмол 40-50 хүн согтуугаар машин жолоодож, гурваас дөрвөн хүн эрүүл мэнд, амь насаараа хохирдог гэсэн гашуун тоо баримт байна. Дээрх тоог цааш нь үржүүлж бодвол, хагас жилийн дотор 900 хол давсан хүн согтуугаар машин жолоодож, нэг сард 120 орчим хүн эрүүл мэнд, амь насаараа хохирдог байх нь. Эдгээр тоо баримтын цаана хичнээн гэр бүлд өнчрөл хагацал, уйтгар гуниг, хор хохирол ирж байгааг төсөөлөхөд ч бэрх. Гэмтэл согог сэргээн засах клиникийн гаргасан судалгаагаар, 2003-2007 онд нас барсан тохиолдлын 30,4 хувь нь зам тээврийн ослоос үүдэлтэй аж. Нас баралтын гол шалтгаан нь жолоочийн буруутай үйлдлээс буюу 78 хувийг эзэлж байгаа нь өндөр үзүүлэлт юм. Удаад нь 15,2 хувь нь явган зорчигчоос, гурван хувь нь замын орчны нөлөөнөөс болсон гэсэн дүн гарчээ.

            Осол гарч, хүн дайруулжээ гэх мэдээ олныг цочроохгүй байна уу гэвэл үгүй юм. Сэтгэл харлам энэ мэдээ нийгэмд улам харанга болон дэлдэж байгаагийн учир юу вэ? Жолоочид хамаг учир байна уу эсвэл хуулийн цоорхойг буруутгах уу гэдэгт уншигч та ямархан хариулт өгөх вэ? Манай улс согтуу жолоочид Захиргааны хариуцлага хүлээлгэдэг. Хэрэвзээ осол гаргасан жолооч ослын газраас зугтаасан тохиолдолд Эрүүгийн хариуцлага болон оноох шийтгэл чангардаг. Гэлээ ч манай иргэд согтуурсан үедээ жолооны ард суухыг хэвийн үзэгдэл мэтээр ойлгодог ойлголт энэ хэвээр үргэлжилсээр байвал юу болох вэ? Дайн самуунтай улс оронд үрэгдэж буй хүний тоотой адилтгах хэрэг болох биз. Ийм түвшинд хүрэхгүйн тулд бид юу хийх ёстой вэ? Хариуцлагыг ухамсарлуулах хэмжээний хатуухан хууль дүрмийг нийгэмд үйлчилдэг болгох хэрэгтэй. Тэр дундаа согтуу жолоочийн үйлдэлтэй эвлэрдэггүй байвал яасан бэ? Хүний амь хайран уу, жолоо барихаа эрхээ хасуулах хайран уу хэмээн асуувал хүний амь хайран л гэнэ. Уг нь манай иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машинаа тавих, жолоогоо хэн нэгэнд шилжүүлэхэд л хангалттай. Ийм алхам хийснээр өөрийгөө болоод бусдыг аврах нь гарцаагүй.

            Харин ийм үйлдэл хийхээс цааргалдаг буюу машинаа бариад гэртээ яаж харьснаа мэддэггүй жолоочид ямар “банга” өгвөл зохих бол? Одоо үйлчилж буй шийтгэл гэвэл, эхний удаад эрхийг нь зургаан сараас хоёр жилийн хугацаатай хасдаг. Эрхээ хасуулсан жолооч дахин тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон тохиолдолд 7-30 хоног баривчлах шийтгэл ноогдуулж буй.  Замын цагдаагийн газраас гаргасан дүн мэдээгээр осол аваарын тоо өсч, согтуугаар тээврийн хэрэгсэл барих явдал төдийлөн буурахгүй байгаа нь одоо хэрэгжиж буй дүрэм заалт тэдэнд дорвитой нөлөө үзүүлэхгүй байгаа хэрэг. Тэгвэл гадны улс орнууд согтууруулах ундаа хэрэглэсэн иргэнээ хэрхэн ухамсарлуулдаг юм бол гэдгийг сонирхлоо. Хамгийн ойрын жишээ татъя. ОХУ-д согтуу жолоочоос цагдаа 5000 рубль буюу 165 ам.доллар авахын дээр гурван жил автоамашин жолоодох эрхийг нь хасч, 15 хоног баривчилдаг байна. Харин урд хөршид "Үхье гэвэл архи уу" гэсэн зарчим үйлчилдэг гэх. Учир нь тус улс сохор ухаанаар унаагаа барьж, хүн дайрсан этгээдийг өршөөхгүй гэдгээ зарлаад байгаа. Үүнийгээ ч олон улсын мэдээллийн агентлагуудаас нууцлаагүй. Өнгөрсөн жил нэг этгээдийг цаазаар авах болсон тухай яригдаж байсныг үзэгч олон санаж байгаа биз ээ. Ноднин Япон улс хуулиндаа өөрчлөлт оруулж, торгуулийн хэмжээг өндөрсгөсөн. Зөвхөн согтуу жолоочтой хариуцлага ярих биш хамт явсан, хамт архи уусан, уух архийг нь худалдсан, машинаа унуулсан хүнийг хам хэрэгтэн гэж шийтгэх болсон байна.  Энэ мэтчилэн өндөр хөгжилтэй орнуудын жишгээс харахад бидэнд суралцах зүйл тун их байна. Нээрээ ч хамтдаа архидан нэгнийгээ хэрэгтэн болгодог гэмгүй нөхдийг ч гэсэн зүгээр өнгөрөөдөггүй бол осол аваарын тоо муугүй буурна даа. Жолоочид хүлээлгэх хуулийн хариуцлагыг чангатгахын зэрэгцээ нийгмийн туст хөдөлмөрт татан оролцуулж "шанаа" өгөхөд илүүдэх юун.

            Согтуу хүн өөрийгөө жолоодох чадвараа алдаж, орчиндоо өрнөж байгаа зүйлийг тусгахаа больж, ядарч байгаагаа мэдэхгүй болдог байна. Согтуурлын эхний шатанд анхаарал суларч, мэдээллийг хүлээн авах болон сэтгэн бодох чадвар муудна. Дараа нь ухаан санаа орон гаран болох, хөдөлгөөний мэдрэмж алдах, ядрах зэрэг гадна байдлууд давамгайлж сэтгэлийн хөөрөл дарамтаар солигдоно. Архи их багаасаа үл хамааран хүний ажиллах чадварт нөлөөлдөг аж.  Жишээлбэл, 5,0 буюу нэг цайны халбага орчим архи жолоочийн баримжаалах чадварыг 30 орчим хувиар бууруулдаг. 25 грамм согтууруулах ундаа жолоочид сэтгэл хөөрлийг бий болгодог байна. 75 г спирт самбаачлах хугацааг гурав дахин,  140 г хэрэглэсэн бол тав дахин, 165-аас дээш бол ес дахин ихэсгэдэг.  Согтуурлын зэрэг нь тухайн хүний эрүүл мэнд, ядаргаа, сэтгэл санаа, дасан зохицох байдал, хоол унд хэрэглэсэн байдал зэргээс шалтгаална. Гадна орчинтой харьцах, хариуцах жолоочийн чадварт архины нөлөө их гэдгийг энэхүү үзүүлэлт илтхэн өгүүлж байна.

 Б.Туул, Б.Ууганбаяр

 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид ямар арга хэмжээ авах вэ?
Өндөр хэмээний торгууль ногдуулах
Хорих ял оноох
Нийгэмд тустай ажил хийлгэх
Жолоодох эрхийг нь нэг удаа тодорхой хугацаагаар хасаад дахин ийм зөрчил гаргасан тохиолдолд бүх насаар нь эрхийг нь хасах
Та замын хөдөлгөөний дүрмийг яагаад зөрчдөг вэ?
Дүрэм мэддэггүйгээс
Хэтэрхий яарсанаас
Зөрчил гаргасан жолоочид авч буй арга хэмжээ сул учир
Хувийн зохион байгуулалт муугаас
Сурталчилгаа
Сурталчилгаа
Сурталчилгаа
Copyright © 2008 stop.mn
All Rights Reserved. 2008-07-17