|
2010 оны 7 сарын 30
Түгжрүүлдэг бол цагдаа очихгүй байж болно
2010 оны 3 сарын 2
“Замын хөдөлгөөний чиглэлээр олон төрийн байгууллагууд өөр өөрийн бодлоготойгоор ажиллаад, зохион байгуулалт нь нэг гарт зангидагдаж чадахгүй байна. Ерөнхий сайд эсвэл Шадар сайдын хүрээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын комиссыг байгуулж, замын асуудлыг нэг дор төвлөрүүлэх хэрэгтэй.
Сандарсан цагтаа хуралдаж, үр дүн нь гардаггүй байдлаасаа салах цаг нь болсон”. Энэ бол Замын цагдаагийн газрын дэд дарга Ч.Жаргалсайханы замын салбарын талаарх бодол. Замын түгжрэл болоод түүнийг хэрхэн арилгах талаар түүнтэй ярилцлаа. -Хамгийн түрүүнд нийслэлийн авто замын өнөөгийн байдлын талаар танаас асуумаар байна. Нэг хэсэг нь түгжрэлтэй байна гэхэд нөгөө хэсэг нь харьцангуй гайгүй гэдэг. Тэгвэл мэргэжлийн хүний хувьд та ямар хариулт өгөх вэ? -Замын түгжрэл гэдэг зүйлийг бид зах зухаас нь үзэж байна шүү дээ. Манайхан гадаад орнууд руу явдаг учраас мэдэж байгаа байх. Хурдны замууд дээр хэдэн цагаар түгжирч саатдаг тохиолдол байдаг. Манай оронд техникийн хэрэгслийн өсөлт, замаас харахад Улаанбаатарт түгжрлийн зөвхөн эхлэл нь харагдаж байгаа. Харин ирээдүйн төлөвлөлтдөө бодлогын хувьд шинэчлэн авч явах зүйл нэлээд бий. Тээврийн хэрэгслийн өсөлтөө яах вэ, замын хөгжлийг хэрхэн бүрдүүлэх зэрэг асуудалд анхаарах хэрэгтэй. Замын түгжрэлийг бид олон талаас ойлгох ёстой. Зөвхөн замын цагдаа хөдөлгөөнийг зохицуулдаг гэсэн ойлголтоос салах цаг нь болсон. Замын зохион байгуулалтыг нэмэгдүүлж, хөдөлгөөний эрчим, гэрэл дохиог сайжруулж, замаа аюулгүй болгож, иргэд нь хууль дүрмээ биелүүлдэг болох ёстой. Замын түгжрэл олон янз байгаа. Зам дээр нэг осол гарахад л зам түгжирч байдаг. Тиймээс ч манай зам дээр гарч буй түгжрэлийн ихэнх нь замын хөдөлгөөний зөрчил гаргагч нараас хамаардаг. Үүнийг арилгахын тулд шуурхай арга хэмжээ авдаг. Осол хэргийг хэмжиж гаргах, зохицуулах үүрэг нь замын цагдаа нарт байдаг. Мөн замын хөдөлгөөний үеэр осол аваар гараад байгаа нөхцөл байдлыг судалж үзэх ёстой. Зам нь өөрөө осол аваар гаргах нөхцөл байдлыг бий болгосон бол жолоочоос бус төр, зохион байгуулалтыг нь хийж байх ёстой албанаас хамааралтай. -Түгжрэлд нөлөөлж буй шалтгаануудын талаар тодруулахгүй юу? Заавал хөрөнгө мөнгөөр түгжрэлийг арилгах ёстой юу? -Хөдөлгөөний урсгалын түгжрэлийг арилгахад хөрөнгө мөнгө шаардахгүйгээр хийдэг зохион байгуулалтын арга хэмжээнүүд байна. Түгжрэл болоод байгаа цэгүүдийг аваад үзэхээр сонин зүйл ажиглагддаг. Нийслэл хоёр дахь өдөр түгжрэлгүй болчихдог. Бусад өдөр “Нарантуул” гэдэг ганцхан захаас хамаараад зүүн жижүүртэй хөдөлгөөний ачаалал үүсчихдэг. Энд 600 микро автобус үйлчилгээ үзүүлдэг. Тэгвэл Нарантуул захын байршил зөв үү, хэдэн цагт ажиллаж байх вэ гэдгийг хөрөнгөгүйгээр шийдвэрлэж болно. Иргэдэд үйлчилгээ үзүүлдэг зах, худалдааны газруудыг аль болохоор хотын зах руу байрлуулж, цагийн зөрүүтэй ажиллуулдаг байх ёстой. Та бүхэн мэдэж байгаа байх. Улаанбаатар хотын бүх байгууллагуудын ажил өглөө есөн цагаас эхэлж, нэг цагт цайндаа ороод, хоёр цагт ажилдаа орж, зургаан цагт тардаг. Эндээс л зохиомол түгжрэл бий болдог. Тэгвэл яагаад зарим байгууллагын ажил 07.00, 08.00, 10.00 цагаас орж болдоггүй юм. Ингэвэл бие биетэйгээ давхцахгүй шүү дээ. Бас гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын хувийн сургуулиуд нийслэлд цөөнгүй байдаг. Энэ сургуулиудын хүүхэд бүрийг эцэг эх нь унаагаар хүргэж өгдөг. Энэ ч зохиомол түгжрэлийн шалтгаан. Ганцхан автобус гаргаад хүүхдүүдээ гэрийнх нь ойролцоо газраас аваад сургууль дээр хүргээд өгчихдөг бол тэр сургуулийн ойролцоо ямар ч түгжрэл гарахгүй. Бидний судалснаар өглөө, оройдоо түгжрэл үүсгэдэг 18 сургууль бий. “Улаанбаатар палас”, “Бөхийн өргөө”-нд арга хэмжээ болохоор л тэр хавиар түгжрэл үүсчихдэг. Энэ мэтчилэн Улаанбаатар хотод зохион байгуулалтын аргаар шийдчих цөөнгүй асуудал бий. Дээр нь аргагүй түгжрэл үүсгэж буй замын хөрөнгийн асуудал байна. Улаанбаатараас баруун тийшээ гардаг зам төмөр замын ганцхан нарийн призерээр гардаг. Тиймээс ч байнгын түгжрэлтэй байдаг. Тэгвэл үүнийг хоёр гурав эсвэл арай өргөн замаар явуулахын тулд хөрөнгө мөнгө шаардлагатай. Ер нь хөдөлгөөний саатал, түгжрэлээс бүр мөсөн салсан орон бараг байхгүй. Энэ бол ховор үзэгдэл. Хэдий хөрөнгө мөнгө зарцуулдаг ч тэр хэрээр л машин техник нэмэгдэж байдаг. Гэхдээ зохион байгуулалтын тодорхой арга хэмжээнүүдийг авч чадвал энэ хүндрэлийг хөнгөхөн даван туулах боломжтой. -Манай хот түгжрэлийг зөвхөн эхлэлд нь байна гэлээ. Дэлхийн өндөр хөгжилтэй хотуудтай харьцуулахад тийм байж болох ч яг өнөөдрийн Улаанбаатарын нөхцөл байдлыг харахад ингэж хэлж боломгүй санагдлаа? -Ирээдүйд гарах түгжрэлийн асуудал бол бүгдэд ойлгомжтой. Өнөөдөр хөгжсөн орнуудад хоёр хүний дунд нэг машинтай байдаг. Улаанбаатар хотыг бодоод үз. Одоо сая гаруй иргэнтэй байхад 500 мянга гаруй машин Улаанбаатар хотод байх ёстой. Гэтэл өнөөдөр бид 150 мянган машинтай байж түгжрэлийн тухай яриад байдаг. Дахин гурав, дөрөв дахин өсөх магадлалтай. Асуудлыг багаас нь хууль эрхзүй, зохион байгуулалт, хариуцлага сахилгын талаар өнөөдрөөс л ярихгүй бол ирээдүйд маш хүнд ачаалал хүлээх болно. -Замын хөдөлгөөний түгжрэлийн шалтгааныг олон зүйлээр тайлбарладаг. Хэтэрхий нарийнхан зам гэж байхад нэвтрүүлэх чадваргүй уулзваруудаас хамаардаг ч гэдэг. Тэгвэл яг юу нь түгжрэл үүсгээд байна вэ? -Ганцхан талаас нь харж болохгүй. Бололцооны хэрээр өргөсгөөд, дахин өргөсгөх шаардлагагүй нэлээд зам бий. Өргөтгөх, шинэчлэх, тэгш болгох, засварлах, эргэлтийг нь тааруулах шаардлагатай уулзварууд ч цөөнгүй байгаа. Ерөөсөө бүх зам муу гэж хэлж болохгүй. Өнгөрсөн онд замын түгжрэлийг дорвитой бууруулахад “Хашаа” арга хэмжээ их нөлөөлсөн. Энэ мэтээр зохион байгуулалтын арга хэмжээг зоригтой авч хэрэгжүүлээд, төр захиргааны байгууллагууд хамтран ажиллавал тодорхой амжилтад хүрдгийг өнгөрсөн оны ажлууд харуулсан. -Түгжрэлийг арилгах олон аргын талаар ярьдаг. Машины дугаарыг ялгавартайгаар хөдөлгөөнд оролцуулвал үр дүнд хүрнэ гээд л. Энэ арга манайд үр дүнгээ өгөх болов уу? -Баталгаажсан, үр дүнтэй арга гэж нотлогдоогүй байгаа. Хууль дүрмийг нэлээд чангатгасан хэдхэн улсад хэрэгждэг. Өнөөдөр манайд замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилт ямар байгаа билээ. Хүний машины хөдөлгөөнд хязгаарлалт хийнэ гэдэг цаанаа маш их хүнд суртал дагуулж, захиргаадалтын аргаар хэрэгждэг учраас тууштай арга биш гэж боддог. Хэдэн цагдаа жолооч нартай хэрэлдэж муудалцаж, торгож шийтгэснээс өөр үр дүн гарахгүй. Ер нь бол захиргаадалтын аргыг хэрэглэхээс илүү зохион байгуулалтын арга хэмжээнүүд илүү үр дүнтэй болно гэж боддог. Харин Улаанбатар хотыг тойрог болгон бүсчилж, бүс дотор орох эрхийг нь хуваарилдаг арга хэмжээ яригдаж байгаа. Энэ бүхнийг хийх үү, тэрнээсээ өмнө зохион байгуулалтын бусад арга хэмжээг хэрэгжүүлж байсан нь дээр байх гэж боддог. -Тухайлбал, ямар арга хэрэглэх вэ? -Хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлээд байгаа сургууль, үйлчилгээний газар, зах гэсэн хэдхэн цэг л байдаг шүү дээ. Үүнийг л зохион байгуулалтад оруулах хэрэгтэй. “Нарантуул” захын байршил, орж гардаг гарцыг нь яах ёстой зэрэг асуудлыг зохицуулж чадвал үр дүнд хүрнэ. -Төрийн ордон тойрсон замыг нар зөв тойрогт оруулвал түгжрэл багасгана гэдэг хэр үндэслэлтэй бол? -Түгжрэл багасна гэж зарим мэргэжилтэн яриад байгаа юм. Би бол нэг их үнэмшилтэй байж чадахгүй. Монгол улс баруун гар талын хөдөлгөөтэй гэдгийг л хамгийн түрүүнд анхаарах ёстой. Хэрэв нар зөв тойруулаад ирвэл бүгд баруун талдаа Сүхбаатарын талбай дээрээ л хүнээ буулгадаг, зогсдог болоод ирнэ. Энэ хөдөлгөөн зохион байгуулалт мөн үү, биш үү гэдгийг бодох л ёстой. Хийе гэж зоригловол шийдвэр гаргах түвшинд хийхэд бэлэн. Харин нэлээд их хөрөнгө мөнгө шаардагдана. Нар зөв болгохоор эргэлтийн радиус нь төв шуудангаар баруун тийш эргэхээр маш огцом байгаа. Үүний эргэлтийн радиусыг хэрхэн зохицуулах уу гээд нэлээд их ажил болно. Өнөөдөр гараад шууд эргүүлчихье гэвэл эргэхгүй. Харин ч бөөн түгжрэл үүснэ. Замын зохион байгуулалтыг нэлээд сайн хийсний дараа эргэлтэд орно уу гэхээс амархан бүтэхгүй. Нар зөв тойрсноор замын түгжрэл арилдаг улс хаана байдгийг ч би мэдэхгүй. -Замын салбарын хөрөнгө оруулалтын талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. Нийслэлийн замд хангалттай хөрөнгө зарцуулагддаггүй гэдэг? -Засвар хийгдээгүй удсан, хөгжлийн хурдыг гүйцэхгүй байгаа гэдэг бол үнэн. Харин хөрөнгийг хаанаас гаргах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Өнгөрсөн жил асар их хэмжээний мөнгө гаргасан. Энэ жил түүнээс бараг дөрөв дахин их хөрөнгө гаргаж байгаа. Ингээд ахиад байвал бас болж байна. Харин үр ашигтай зарцуулах тал дээр анхаарах ёстой. -Жолооч нарын ярьдаг нэг зүйлийг танаас асуумаар санагдлаа. Замын уулзварууд дээр цагдаа ирэхээрээ л түгжрэлийг улам нэмэгдүүлдэг гэж олон жолооч ярьж байхыг сонссон? -Ийм нэр зүүгээд байгаа бол цагдаа очихгүй байж болно шүү дээ. Харин ч хүмүүсээ амрааж байвал сайхан биз дээ. Гэрэл дохио өөрөө ухаалаг биш шүү дээ. Нэг талынх нь машинууд цувсаар байгаад нөгөө уулзвартаа хүрээд, бүр таг болчихдог. Хүн очиж л нэг чиглэлийн урсгалыг нь ахиухан явуулж, уулзварыг хэвийн болгодог. Хүнд муулуулах гэж очдог ямар ч сонирхол цагдаа нарт байхгүй. Хөдөлгөөн хахаж байгаа болгонд л бид цагдаа нараа хуваарилж явуулдаг. Хамгийн сийрэг газар очоод цагдаа ажилгүй зогсоод байвал чадна. Харин төрөөс цалин авч байгаа цагдаа хүн тухайн үед тохиолдсон бэрхшээлийг арилгахын тулд гэрэл дохионы үүрэг гүйцэтгэж байгаа. В.Батцэцэг Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид ямар арга хэмжээ авах вэ?
Та замын хөдөлгөөний дүрмийг яагаад зөрчдөг вэ?
|
||